Аймгийн ИТХ тогтоол

"Зөвшөөрөлгүй худаг гаргасан тохиолдолд худгийг битүүмжилж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог"

d15348 MPA PHOTO-0033 x974

Газрын доорх ус буюу гүний ус нь Монгол орны хамгийн чухал усны эх үүсвэр билээ. Монгол орны нийт усны хоёр хүрэхгүй хувь нь гүний цэнгэг ус. Гэвч нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт бид гүний усаа ашиглаж байгаа.
Зуслангийн айлууд, машин угаалгаас эхлээд цахилгаан станцууддаа хүртэл гүний ус ашигладаг.
Улаанбаатар хотын гэр хорооллын айлууд хэт олширсноос гүний усны бохирдол нэмэгдэх болсон.
Тэгвэл гүний худгийн талаар бид Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн Усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэнгээс тодрууллаа.
- Нийслэлийн хэмжээнд хэчнээн гүний худаг бүртгэлтэй вэ. Худгийн зөвшөөрлийг ямар хууль тогтоомжийн дагуу олгодог юм бэ?
- Нийслэлийн хэмжээнд 9,000 орчим гүний худаг бүртгэлтэй байна.
Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад орон нутгийн Байгаль орчны алба нь олгохоор заасан байдаг.
Нийслэлийн нутаг дэвсгэрт худаг гаргах зөвшөөрөл авах хүсэлтийг иргэн, аж ахуйн нэгж байгууллага https://eservice.ulaanbaatar.mn/ цахим хаягаар Нийслэлийн Байгаль орчны газарт гаргана.
Хүсэлт гаргахдаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага эхлээд өөрийн эзэмшил газартаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  усны хайгуул судалгаа хийх тусгай зөвшөөрөл авсан байгууллагаар судалгаа хийлгэж усны илэрц байна гэж үзсэн тохиолдолд газрын гэрчилгээ, кадастрын зураг, гүний усны судалгаа хийлгэсэн дүгнэлтээ хамт өгдөг.
Ирсэн хүсэлтийг ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын, хязгаарлалттай бүс орсон эсэх, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой эсэх зэрэг олон хүчин зүйлийг хуулийн хүрээнд судалж үзсэний үндсэн дээр худаг гаргах зөвшөөрөл өгөх эсэхийг шийддэг юм.
Түүнчлэн худаг өрөмдөх зөвшөөрөл олгогдсон тохиолдолд худгийн паспортыг олгодог.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллага худаг өрөмдүүлэх явцдаа худгийн паспортыг худаг гаргаж байгаа байгууллагаар бөглүүлж авах ёстой. Худаг гаргасны дараа усны шинжилгээ хийдэг мэргэжлийн байгууллагаар хими, бактерлогийн шинжилгээг хийлгэж, ундны усны стандартын шаардлага хангасан тохиолдолд худгийн усыг унданд хэрэглэнэ.
Ундны усны шаардлага хангаагүй тохиолдолд унданд хэрэглэх боломжгүй. Бөглүүлсэн паспортоо Байгаль орчны газраар баталгаажуулж авдаг.
- Усны хэрэглээнээс хамаарч ус ашиглах дүгнэлт гаргуулах байгууллага өөр өөр байдаг уу?
- Тийм. Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтад заасны дагуу хоногт 50 шоо метрээс бага ус ашигладаг аж ахуйн нэгж байгууллага Нийслэлийн Байгаль орчны газраар 50-100 шоо метрийн хооронд ус ашигладаг байгууллага Сав газрын захиргаагаар, 100 шоо метрээс дээш ус ашигладаг  байгууллага Монгол Ус ТӨҮГ-аар ус ашиглах дүгнэлт гаргуулдаг.
Байгаль орчны газраар дүгнэлт гаргуулсан байгууллага дүүргийн ЗДТГ-аас, Сав газрын захиргаагаар дүгнэлт гаргуулсан байгууллага Байгаль орчны газраас, Монгол Ус ТӨҮГ-аар дүгнэлт гаргуулсан байгууллага Сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл авч гэрээ байгуулах ёстой.
- Зөвшөөрөлгүй худаг гаргадаг тохиолдол хэр их байдаг вэ?
- Нийслэлийн хэмжээнд 2013 онд гүний худгийн нэгдсэн тооллогыг хийсэн.
Тооллогоор 5,300 орчим гүний худгийн судалгааг гаргасан. Судалгаанаас харахад 3,500 орчим худгийг иргэд унд ахуйдаа хэрэглэдэг бол үлдсэн худгийг аж ахуйн нэгж байгууллага ашиглаж байсан.
Тооллогын үеэр 2000 оноос өмнө гаргасан, бичиг баримтгүй худгуудийг үе шаттайгаар  бичиг баримтжуулж байна.
Сүүлийн хоёр жилийн байдлаар 200 гаруй гүний худгийг бичиг баримтжуулсан.
Худаг гаргуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад арга хэмжээ авахаас гадна худаг гаргадаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид арга хэмжээ авч эхэлсэн нь зөвшөөрөлгүйгээр худаг гаргах нь зогссон.
Гэхдээ нууцаар худаг гаргаж буй тохиолдлыг үгүйсгэхгүй.
Хэрвээ зөвшөөрөлгүйгээр худаг гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Тиймээс зөвшөөрөлгүйгээр худаг гаргах асуудал багассан гэж ойлгож болно.
- Хүмүүс нь торгуулдаг юм байна. Тэгвэл нэгэнт гаргачихсан зөвшөөрөлгүй худгийг яана гэсэн үг вэ?
- Усны тухай хуульд заасны дагуу зөвшөөрөлгүй гаргасан, ашиглахаа больсон худгийг битүүмжлэх зохицуулалт бий.
-Тэгэхээр шууд битүүмжилдэг гэж ойлгох уу?
- Зөвшөөрөл олгох боломжгүй газарт худаг гаргасан тохиолдолд худгийг битүүмжилнэ. Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна.
Нөхөн олгох боломжтой гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ аваад нөхөн олгоно.
Усны тухай хуулийн холбогдох заалтад цооногоо битүүмжлэх хүсэлт гаргавал манай байгууллагаас ажлын хэсэг гаргаж, битүүмжлээд явах боломжтой.
Өнгөрсөн жилийн тухайд бид гурван худаг битүүмжлээд байна.
- Ер нь нийслэлийн хэмжээнд жилд хэчнээн худагт зөвшөөрөл олгодог вэ. Тухайлбал, 2019 оны хувьд?
- Нийслэлийн хэмжээнд жилд 1,000 гаруй хүсэлт ирдэг. Үүнээс бүх зүйлийг нь судлаад татгалзсан тохиолдлууд бий.
2019 оны хувьд 1,300 гаруй өргөдөл ирснээс 1,100 орчимд нь зөвшөөрөл олгосон. Харин он гарсаар яг одоогийн байдлаар хоёр өргөдөл ирсэн байна.
- Худаг гаргасны дараа шинжилгээгээр тухайн ус нь унданд хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлт гарвал яах вэ?
- Усны шинжилгээ тухайн орон нутгийн онцлогоос хамаараад харилцан адилгүй.
Ундны усны стандартын шаардлага хангахгүй тохиолдолд цэвэршүүлж ашиглах ямар боломж байгааг судалж нэмэлт цэвэршүүлэх шүүлтүүрүүдийг тавьж ашиглах шаардлагатай.
Харин огт ундны усанд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт гарвал нэгэнт худаг гаргасан учраас уухгүйгээр ахуйдаа эсвэл үйлдвэрлэлд хэрэглэж болдог.
- Мэдээж гүний ус нь өөрөө тодорхой хэмжээний нөөцтэй. Тиймээс гүний худгийн зөвшөөрөл олгох тал дээр цаашид ямар бодлого барьж ажиллах вэ. Квот тогтоож, хязгаарлаж болох уу?
- Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Усны тухай хуульд заасны дагуу гүний худаг гаргах зөвшөөрөл авахаар хүсэлт ирүүлсэн тохиолдолд батлагдсан усны нөөцтэй уялдуулан хязгаарлаж, хориглосон бүсэд ороогүй, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжгүй газруудад олгодог.
Нөгөө талаар үйлдвэр үйлчилгээ өдөр ирэх тусам нэмэгдэн, хөгжиж байна. Гэтэл тухайн газарт нь дэд бүтэц байхгүй бол тэр газар хүн үйл ажиллагаа явуулах боломжгүй шүү дээ.
Тиймээс худаг гаргахыг хориглож болохгүй.
Харин тухайн газрын гүний усны нөөцөд нь тулгуурлаж, нөөцөөс хэтрүүлэхгүй ашиглуулах шаардлагатай.
Нийслэлийн зүгээс төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой аж ахуйн нэгж байгууллагуудыг худгаа битүүмжлэн хүлээлгэн өгч, төвлөрсөн шугамд нь холбож усыг авч ашиглах талаар зөвлөмж өгч ажиллаж байна.
- Зайсан орчим төвлөрсөн шугамд холбогдоогүй учраас ундны усаа гүний худгаас хангадаг гэж дуулсан. Зөвшөөрлөө ямар байдлаар авсан байдаг бол?
- Зайсангийн аманд байрлах хотхонууд цэвэр усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй байдаг. Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу худаг гаргах зөвшөөрлийг авна.
Мэргэжлийн хяналтын газраас Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж, зөрчлийг арилгах талаар мэдэгдсэн.
Усны тухай хуулийн дагуу ус ашиглах дүгнэлтээ гаргуулах, гэрээгээ байгуулах ажил хийгдэж байна.    
Зайсангийн аманд цэвэр усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсоны дараа гүний худгуудыг эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагаар битүүмжлэх болно.
- Ер нь хэдий хугацаатайгаар гүний худгийн усыг шинжилгээнд хамруулах ёстой байдаг юм бэ. Нэгдсэн журмаар шинжилгээ хийдэг үү?
- Нийслэлээс хөрөнгө гаргаж, нэгдсэн журмаар худаг бүрт шинжилгээ хийлгэхэд хүндрэлтэй. Тиймээс бид жилд нэг удаа гүний усандаа шинжилгээ хийлгэх шаардлагыг бүгдэд нь тавьж байгаа.
Үүнээс гадна айлуудыг жорлонгоо битүүмжлэлтэй болгох, аж ахуйн нэгжүүдийг цэвэрлэх байгууламжтай болох, хашаандаа мод тарьсан айлуудад худгийн зөвшөөрөл олгох шаардлага тавьж байна.
2019 онд манай байгууллага Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ашиглагдаг 472 гүний худгийн уснаас дээж авч, шинжилгээ хийлгэсэн. 2020 онд үлдсэн найман дүүргийн хэмжээд усны шинжилгээг хийлгэнэ.
Унд ахуйд хэрэглэж байгаа худгуудад улирал бүр шинжилгээ хийлгэх шаардлагатай.
- Гүний худгаас хэдэн метрийн зайд нүхэн жорлон байж болохгүй вэ. Тогтсон стандарт байдаг уу. Эсвэл хөрсний шинж чанараасаа хамаараад зөвшөөрөл олгох зай талбайн нь ялгаатай юу?
- Хөрсний бүтцээс шалтгаалж харилцан адилгүй. Гэхдээ хамгаалалтын бүсийг 50 метрийн радиусаар тогтоодог бөгөөд гүний худгаас 50 метрийн радиуст ямар нэг байдлаар хогийн цэг, нүхэн жорлон байхыг хориглодог.
Үүнээс гадна худгийн зөвшөөрлийг олгохдоо айлуудыг жорлонгоо битүүмжлэлтэй болгох, аж ахуйн нэгжүүдийг цэвэрлэх байгууламжтай болох, хашаандаа мод тарих талаар нэмэлт шаардлагуудыг тавьж байна.
 
                                                                     Эх сурвалж.ikon.mn -ээс

ВИДЕО БИЧЛЭГ

Та бүхэн бидний хийж бүтээсэн видеог сонирхоно уу!

Цаг агаар

 

Зочдын тоо

Бидэнд 7 зочид онлайн байна